- Ялаа дүнгэнэн ниснэ, ядаргаатай багш самбарын өмнө чалчина. Юу ярьж байгааг нь ерөөсөө ойлгохгүй юм. Бас ойлгохыг ч хүсэхгүй. Ер нь надад хэрэг болох биш дээ. Цонхны цаанаас нар төөнөхөд толгой өвдөнө /Өчигдөр олдсон дээр нь гээд жийхан пиав ууснаас нь болж шартаж буй ая нь юм байх даа хорвоо/. Зэрэгцээд гэдэс базалж дотор эвгүйрхэнэ /Өглөө сургуулийн гуанзанд идсэн тефтелээс л болж байх шиг/. Би бол өөрийгөө хичээлийн хажуугаар хөгжиж цэнгэх ёстой Монгол оюутан гэж боддог л доо. Энэ байдалдаа өөрийгөө зөвтгөх шалтаг маань гэвэл миний хөгжлийн төлөө биш намайг мөлжихийн төлөө байдаг боловсролын тогтолцоонд нь тааруулж аав ээжээсээ шаардлагатай мөнгийг нь салгаж сургууль, багш нарт өгсөн байхад л төгсөх хорвоо гэж боддог.
Баарны гэрэлд бүжихдээ хичээл биш пиав боддог, Баанны өрөөнд байхдаа шалгалтандаа яаж тэнцэхээ биш багшдаа хэдэн төгрөг өгөхөө боддог би. Ном уншихаар нойр хүрдэг, номын санд орохоор охидууд нүдэнд тордог л доо. Дэвтэрээ хичээлээр чимсэнээс илүү дэгжин биеэ хувцсаар чимбэл би онц сурдаг /санаа дагаад/. Багш нар маань хийснээсээ илүү хуулсан чинь засахад амар хялбар байдаг гэж надад зөвлөдөг л дөө тэр нь ч зөв. Нэг сонин дурсамж – Хэд хоногийн өмнө Оюутны зөвлөлд байдаг ангийн найзаа дагаад давтан шалгалт энээ тэрээ гэсэн лоозонтой оюутны жагсаалд хичээл дээр сууснаас илүү сонирхол татхаар нь тугных нь ишнээс бариад зогсцон чинь ТВ-р гараад од боллоо. Ангийн багш өрөөндөө дуудаад үглэнэ. “За хүү минь хоёулаа аятайхан шиг байж байгаад /Чи хичээлээ хуулаад би дүнгээ тавиад, мөнгөө өгч авалцаад/ төгсөе айн улстөрч болох гэж яараад яахав хүү минь цаана чинь ээкс мээкс гэдэг хүн байгаам бишүү. Холхон яв айн” гэдийн байна. Би гайхлаа.
За ямарч л байсан намайг Амараа гэдэг би Монгол оюутан.
2. Ялаахан дүнгэнэн ниснэ ядаргаатай Амараа хичээл үймүүлж аавынхаа авч өгсөн айфоноо гайхуулан онгирно. Ангийн багш түүний орилохыг давж ярих гэж хичээж ядна зайлуул. Зав ердөө гарахгүй юмаа /Зориг сангийн тэтгэлэг, Голомтын тэтгэлэг, Ерөнхийлөгчийн цалин энэ тэрд орох санаа байдаг/. Би ч мөнгөтэй бол олон зүйлийг шийдвэрлэж чадна л даа зайлуул. Байна уу? Яасан гэнээ? Зоригийн тэтгэлэгт тэнцсэн гэнээ яасан гоё юм бэ. Гол нь олон нийтийн ажилд идэвхтэй оролцдогийг үнэлсэн гэнээ. Аан тэгнээ манай “Сэтгүүлч оюутны клуб” сайн ажиллаж байгаа л даа. Энэ мэдээг сонсоод “Оролдлого сайт оройд нь”, “Сонссоноо мартдаг, Харсанаа санадаг, ОРОЛЦСОНОО СУРДАГ” гэдэг үгийг жинхэнэ утгаар нь ойлголоо доо. Би сурахынхаа хажуугаар найзуудтайгаа сургууль дээр мэргэжлийн дагуу клуб сонирхлоороо байгуулсан түүнийхээ ачаар олон юм сураад л, жаахан онц сураад л байж байна. Би өөрөө сайн сурч зорилгодоо хүрэхийн төлөө хичээхгүй бол хөгшин аав ээж хоёр минь намайг ажилд оруулж өгч чадахгүй, утас, машин авч өгч чадахгүй. Тийм учир би өөрөө хичээх ёстой оюутан. Дотуур байрандаа өрөө хэсч амжихгүй хичээлээ давтдаг. Намайг хэнхэг гэж бусад маань хэлдэг мөртлөө хуулах болохоороо гавал найзаа гэж саймширна. Миний ганц ойлгодоггүй юм энэ. Зарим үед би багшаасаа илүү юм мэддэг юм шиг санагдана /Үнэхээр ч дээд болоьсролын салбарт байдаг л асуудал/. Нэг баяртай мэдээ дуулгахад- Нэг өдөр намайг тэнхимийн эрхлэгч өрөөндөө дуудлаа. “За охин минь чи хичээлдээ сайн байна. Чам шиг мундаг сэтгүүлч Монголд олноороо хэрэгтэй байгаа гэдгийг нөгөө шифийн харилцаатай Герман нөхдүүд ойлгосон байнаа. Тэгэхээр чи бэлтгэлээ базааж бай ирэх хавар төгсөөд Герман явж сурна шүү охин минь жаахан мөнгө л хэрэг болох вий”. Би гайхах, баярлах, айх /Хэдэн төгрөг хаанаас яаж олноо/ зэрэгцлээ гэж. Над шиг өөрийн болон улс орныхоо ирээдүйн төлөө хичээн эрмэлзэж суралцдаг мөртлөө мөнгө санхүүгийн боломжгүйгээс болж хүсэл мөрөөдөлдөө хүрч чадаагүй хэдэн оюутан байдаг болоо /тэгсэн мөртлөө чадварлаг/. Оюутнууд бид нийгмийн идэвхи оролцоо дүүрэн байснаар хөгждөг юм байна.
За ямарч л байсан намайг Мандахаа гэдэг би Монгол оюутан.
Хүсэл тэмүүлэл дүүрэн, зорилгодоо үнэнч золбоолог Монгол оюутнуудаа дэмжье…