Өдрөөс өдөрт өргөжин тэлж байгаа Түүчээ хамт олныхоо өмнөөс нийт хүүхэд, залуучууддаа энэхэн мөчийн мэнд хүргэе.
“Хөгжлийн Түүчээ” сан нь хүн бүрийн сэтгэл хангалуун амьдралын төлөө алсын хараагаа эрхэмлэн, хүүхэд, залуучуудын зөв оролцоог дэмжин, тэнцвэртэй хөгжлийг хангах эрхэм зорилгынхоо хүрээнд нийт гишүүд, дэмжигч хамт олон, хамтран ажилладаг байгууллагынхаа дэмжлэгтэйгээр олон чухал санаачлагыг биелэл болгон, амжилттай ажилласаар 2 жилийг үдсэн байна. Энэ хугацаанд 7 залуугийн үүсгэл болсон энэ хамт олон 700 болж, дэргэдээ “Оюуны Түүчээ” академи, Хүүхэд, залуучуудын оролцооны “Түүчээ” бүлгэм, “Түүчээ Эмэгтэйчүүд” бүлгэм, 21 аймаг, 9 дүүргийн мэдээ, мэдээллийн хөтөч www.mongolias.info цахим хуудсыг байгуулан бүтээж, Монгол орны 50 000 гаруй хүүхэд, залууст хүрч ажилласан үндэсний хэмжээний 12 хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлсэн байна.
Бидний хийсэн ажил чамлахаар бага зүйл биш боловч, Бидний хийхээр төлөвлөсөн зүйлийн дэргэд өчүүхэн хэсэг нь байх болно.
Алсын аяныг зорих нүүдлийн шувууд түүчээлэн нисэхдээ бие биенээ хайрлан хамгаалж, урамшуулан, дэмждэгийн адилаар Хөгжилд тэмүүлсэн залуус бид хамтдаа олон зүйлийг бүтээж чадна. Хүүхэд, залуучууд та бүхнийг Түүчээгийн гишүүн болох ёстой гэж би хэлэхгүй, харин Түүчээ залуу байгаарай гэж уриалмаар байна.
Таныг хүндэтгэсэн:
“Хөгжлийн Түүчээ” сангийн Тэргүүн Х.Энхбат